Wednesday, January 19, 2011

Manchester united--ийн эмблемний тухай...




Тэртээ 1878 онд Манчестер хотын Newton Heath төмөр замын өртөөний хэсэг ажилчид нэгдэн Newton Heath L&YR F.C хэмээх хөлбөмбөгийн клуб байгуулсан нь өдгөөгийн алдарт Манчестер Юнайтед клубын эхлэл болжээ. 1900-аад оны эхэн үед клуб санхүүгийн хямралд орж хүндхэн байх үед хотын шар айрагний үйлдвэрийн эзэн Давиес гэгч өгөөмөр сэтгэл гаргаж клубыг ивээн тэтгэснээр МанЮ агуу баг болох эхлэлээ тавьсан. Үүний дараа клубын эзнээр томилогдсон Давиес удирдах зөвлөлийн анхны уулзалтаар багий нэрийг солих санал дэвшүүлсэн байна. Ингээд Manchester Central ,Manchester Celtic зэрэг олон хувилбар дэвшүүлсний эцэст италийн цагаач Луйс Рока гэгч залуугийн санал болгосон Манчестер Юнайтед хэмээх нэрийг сонгож 1902 оны 4 сарын 26-нд албан ёсоор баталжээ. Мөн өмнө нь өмсдөг байсан ногоон алтлаг өнгийн өмсгөлийг сольж улаан цагаан өнгөөр гангарах болсон байна. Харин эмблемний хувьд эхэн үедээ Манчестер хотын сүлд болох дээрхи эмблемийг зүүж байгаад 1960-аад оноос өнөөгийн төрхөө олсон. Гэхдээ тухайн үед "улаан чөтгөр” хэмээх нэршил гарч ирээгүй байсан болохоор одоогийн чөтгөрийн дүрсний оронд Манчестрийн сүлдний 3 хөндлөн зураас байжээ. 1945–1969 оны хооронд клубыг удирдаж гайхалтай амжилтанд хүргэсэн Матт Басби хэмээх шотланд эрхэм 60-аад оны эхэн үед Улаан чөтгөр гэдэг нэрийг гаргаж иржээ. Тэрээр  Salford гэх улаан өмсгөлтэй регбийн багийн тоглолтын ажиж суухдаа хүмүүс тэднийг Улаан чөтгөрүүд хэмээн дуудаж байгаа нь таалагдаж клубтээ "зээлэхээр” шийдсэн аж. Энэ нэр  удалгүй олны дунд түгснээр 1970-аад оны эхэн үеэс клубын эмблемэн дээр улаан чөтгөрийн дүрсийг байрлуулах болсон аж. 1998 онд сүүлийн удаа клубын эмблемэнд өөрчлөлт оруулж Football club хэмээх үгийг хассан байна.

No comments:

Post a Comment