Манчестер Юнайтедын фэн би бээр өмнө нь та бүхэндээ Рүүнийгийн тухай “Юнайтедын зүрх” хэмээх нийтлэл бичиж сонордуулж байсан. Роналдог байхад маш олон хүн Манчестер гэхээр л Криштианог л яриад байдаг байсан.Одоо ч бас л хэвээрээ. Хүмүүс Роналдогүй бол энэ баг явахгүй гэж хэлсээр л. Юнайтед бол хэзээ ч нэг хүний баг биш. Агуу амжилтын ард чимээгүйхэн тоглогчдын суут авьяас нуугдаж байдаг юм. Багт зөвхөн Криштиано байдаггүй гэдгийг Рүүнийг багийн зүрхээр төлөөлүүлэн илэрхийлсэн. Энэ удаад баг болгонд байдаг чимээгүй оддын нэгийг танилцуулж байна. Гэхдээ Рүүнийгийнх шиг намтар түүхээс нь эхлэлгүй арай өөр маягаар бичихийг зорилооо.
Энэ бол мэдээж Пол Скоулз. Тэр магадгүй Английн лиг дэх хамгийн underrated тоглогч. Одоо 35 настай ч тэр яг л тэртээ 90-ээд оны дундаас эхтэй сүүлийн арав гаруй жилийн тогтмол гялалзсан тоглолтоо гаргасаар л. Тэр гэхдээ сайн тоглолоо гээд зарим нэгэн тоглогч шиг цээжээ дэлдээд үсчээд байдаггүй. Хийх юмаа хийчихээд чимээгүйн ертөнц рүүгээ уусаад алга болчихно. Гэхдээ түүнийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Нэг жишээ нь 2007 оны хавар Арсеналын Фабрегас “Оны шилдэг тоглогч”-д нэр дэвшсэний дараа Гуардиан сонины сурвалжлагч “Таны бодлоор өнөөдөр лигийн шилдэг нь хэн бэ? Криштиано Роналдо юу эсвэл Дидье Дрогба юу?” гэж асуухад тухайн үедээ 19 настай байсан тэрээр огтхон ч тээнэгэлзлэлгүйгээр “Би Пол Скоулз гэж хэлнэ. Учир нь тэр бүгдийг чаддаг: Тэр гайхалтай пасс хаяж, холоос хүчтэй цохиж гоол хийдэг. Тэр бол жинхэнэ тэмцэгч, нэг өдөр би түүний хэмжээнд хүрнэ гэж найдаж явдаг” гэж хэлсэн байлаа.
Манчестер дахь эхний он жилүүд
Юнайтедын өнөр гэр бүлд тэр 1992 онд нэгдэн орж, лигийн анхны тоглолтоо 2 жилийн дараа Бирминхамын эсрэг хийсэн ч харамсалтай нь 2-3-аар хожигджээ. Гэвч багийнхаа 2 гоолыг тэр хийсэн нь багт нэгэн шинэ од мэндэлж буйг илтгэсэн хэрэг байлаа. Гэхдээ тухайн үедээ түүнд гараанд гарах боломж үгүй байв. Харин жилийн дараа Кантона Кристал Паласын нэгэн фэн рүү кунфу үзүүлбэрээр довтолсон нь түүнд өөрийгөө жинхэнээсээ харуулах боломжийг гаргаж ирсэн юм. Түүний анхны гардаж үзсэн цом нь 1996 оны ФА кап-ын цом байлаа. Уг шигшээ тоглолтод тэр маш сайн тоглосон гэгддэг. Жилийн дараа гэхэд тэр Рой Кийнтэй төвийн хагасыг эзэгнэх боллоо. 1999 он бол Юнайтедын оргил амжилтын жил. Трипл хийсний дотор Аваргуудын лигт Байерныг хожсон түүхэн ялалтыг өдгөө бүгд л шагшин ярилцана. Харамсалтай нь тэр финалд оролцож чадаагүй юм, учир нь хагас шигшээд Ювентустай тоглоход 2 дахь шар картаа авснаар финалыг өнжих хэрэгтэй болсон юм. Харин Холбооны цомын финалд тоглолтын хувь заяаг шийдсэн 2 дахь гоолыг Скоулз хийсэн билээ.

Гоолдох дуртай цэвэрлэгч
Тэр уг нь хамгаалалтын хагас хамгаалагч. Гэхдээ түүний гоолдох чадварыг харахаар бас л бахадмаар. 90-ээд оны сүүлээс эхлээд лигт улирал бүр доод тал нь 6, дээд тал нь 9 гоол хийж байлаа. 2000/2001 оны улирлын Аваргуудын лигээр 12 удаа тоглохдоо 6 удаа гоолдсон гэж байгаа. Хэр баргийн сайн довтлогч хүртэл хатуу ширүүн өрсөлдөөнтэй Аваргуудын лигт 50 хувийн амжилт үзүүлж чаддаггүй билээ. 2003 он бол түүний жил байлаа. Багт ирээд долоо дахь лигийн тайтлаа авснаас гадна өөрөө 33 тоглохдоо 14 гоол хийсэн нь “Оны шилдэг” болгов. Дараагийнх нь 2 жилд ч гэсэн бас л арваад гоол хийсэн. 2004 онд тэр шигшээгээсээ зодог тайлах үедээ 66 тоглолтод хэдийнэ 14 гоол хийчихсэн байлаа. Сарын өмнө Бэшикташтайтай тоглоход хийсэн гоол нь 568 дахь тоглолтын 139 дахь гоол нь болжээ.
Энэ шавилхан эрийн(ердөө 1,7 м чац нь түүнийг лигийн одой нарын эгнээнд багтаадаг) гоолдох чадварын нууц нь юунд байна вэ? Түүний тархи гэж хэлж болно. Тэр тоглолтын явцыг араас нухацтай ажиглаж байгаад байрлалаа маш зөв эзэлж зогсдог. Тэгээд өөрийнх нь ээлж ирэнгүүт 2-р эгнээнээс хүчирхэг хөлөөрөө их буу мэт “пан” хийлгэдэг. Булангийн цохилт дээр ч тэр сийрэг нэгэн. Хүний өөрийн бүх тоглогчид мөргөх гээд хаалганы өмнө овоорох цагаар тэр алсаас сиймхий тааруулахыг хүлээгээд зогсож байдаг. Угаасаа намхан хүн юу гэж тэнд давхар овооролцох вэ дээ. Гол нь тэр алсаас харж зогсохдоо эсрэг тоглогчдоосоо сэмээрхэн мултардаг. Тэгээд булангийн нэгэн тактик болох газраар өнхөрч ирсэн бөмбөгийг шууд л хаалга руу явуулчихдаг. Түүний гоолын жагсаалтад ийм гоол хэд хэд бий.
Талбайн гадна ч тэр тэмцэгч
Үнэн хэрэгтээ тэр өвчнийхөө эсрэг хамгийн их тэмцдэг. Астма гэдэг бол амаргүй өвчин. Хүнд агаараас чухал зүйл гэж үгүй. Амьсгалахад бэрхшээлтэй болоход хүнд ямар хэцүү байдгийг хүчилтөрөгч хэрэглэдэг амьд эд эс бүхэн дэндүү сайн мэднэ. Португалын хэт их халуун нь түүнд 2004 онд шигшээгээсээ зодог тайлах бодлыг өгсөн гэдэг. Тэр тэгэхээр аргагүй л зөв газартаа хүн болж төрсөн гэлтэй. Будант Английн нар үздэггүй цаг агаар нь түүнд яг тохирсон гэлтэй. Тэр мөн 2005 оны 12 сард Бирминхамын эсрэг тоглохдоо толгойдоо маш хүнд гэмтэл авч байсан.

Улирал бүр л арваад гоол хийдэг байсан тэр энэ улирлыг ердөө 2 гоолтойгоор өндөрлөсөн байдаг. Учир нь тэр дээрх гэмтлийн улмаас улирлын эцэс хүртэл талбайд гараагүй билээ. Ирэх улиралд нь тэр гэмтлээс ирэхдээ дахин шинээр төрж, Карриктай гайхамшигтай хослон тоглосоор Челсид алдаад байсан аваргын титмээ эргүүлэн авсан юм. Түүний тэр аймшигт гэмтлийн ул мөр нь одоо ч харагддаг. Баруун нүдэн дээрх сорви нь түүнд бүтэн нэг улирлыг өнжөөсөн гашуун дурсамжийг санагдуулдаг биз ээ. Түүнийг гэмтлээс ирсний дараа Сэр Алекс “Тэр манай энэ улирлын шилдэг шинэ цэрэг” хэмээн хошигносон нь санамсаргүй хэрэг биш байлаа.
Гэр амьтай од
Түүнээс төгс өдөр ямар байх талаар асуухад “Үдээс өмнө бэлтгэлээ хийнэ, дараа нь хүүхдүүдээ сургуулиас аваад цай уунгаа хамт тоглож байгаад унтуулна. Энэ бол жинхэнэ төгс өдөр” гэж хэлдэг. Бусад тоглогчид шөнийн цэнгээний газраар эргэлдэж, сонин хэвлэлийн бай болсон шуугиан дэгдээж байхад тэр гэртээ бүгж суудаг. Хоёулаа 12 настай байхаасаа эхлээд л хамт мөр зэрэгцсэн Гари Нэвилл “Тэр бага байхын л гэр лүүгээ яардаг хүүхэд байсан. Тэр юмаа ярьдаггүй болохоор би одоо хэр нь түүний талаар сайн мэдэхгүй. Түүнд маш нууцлаг юм байдаг” гэсэн нь нэг талаар түүнийг дэндүү даруухныг илтгэх мэт. Скоулз өөрөө ч үүнийг баталдаг. “Олон нийтийн өмнө ил гарах гэдэг бол миний хувьд маш том асуудал. Би өөрийнхөө талаар ярихыг үзэн яддаг, энэ бол миний хувьд гутамшиг” гэж хэлсэн нь түүний хэчнээн даруухныг хэлж байна. Тийм л болохоор хүмүүс түүнийг сайн мэддэггүй байх. Үүний нэг нотолгоо нь тэр аль хэдийнэ хорин хэдэн цом авчихаад байхад ямар ч баг түүнийг урвуулах талаар ятгалга хийгээгүйд байгаа юм. Гиггз, Нэвилл, Кийн нарыг наймааны цонх болохоор сурагладаг байсан удаа бий. Гэхдээ хэрэв Скоулз дээр санал ирсэн бол Фэргюсон тэдгээр тоглогчдын нэгэн адил шууд л няцаах байсан нь тодорхой. Учир нь түүнд Скоулз онцгой их хэрэгтэй. “Тэр зүгээр л бриллиант. Түүний хүчээр энэ олон жил миний баг ажиллаж ирсэн. Хол ойроос ялгалгүй пасс өгдөг, өөрөө хуураад хүчтэй цохидог, гүйцэтгэлд маш сайн” гэж Сэр Алекс нэгэнтээ өгүүлжээ.
Олон талт тоглогчид сул тал бас бий
Даруухан эрийг гэхдээ хамтрагчид нь сайн мэддэг. Гэхдээ бараг л Юнайтедын хүрээнд гэхэд болно. Бобби Робсоноос эхлээд Дэвид Бэкхамаар дамжаад Македа, Вэлбек нар л түүнийг хамгийн зөвөөр үнэлдэг. Учир нь тэд л бэлтгэлээс эхлээд үргэлж л хамт байдаг. Тэд бүгд нэгэн зүйл дээр санал нэгддэг нь түүн шиг олон талт тоглогч Англид маш ховор гэж баталдаг. Талбай дахь мэдрэмж, бөмбөгтэй харьцах чадвар, см-ын зөрүүгүй пасс, түргэн сэтгэх чадвар, алсын хүчтэй цохилт гээд л бүгд нэгэн биенд цогцолсон. Үүгээрээ тэр сүүлийн арван хэдэн жилийн Английн нэгэн шилдэг тоглогчид баттай тооцогдсоор ирсэн. Түүнд гэхдээ сул тал бий. Тэр нь мэдээж нуруу намхнаас шалтгаалаад хоёрдугаар давхарт тааруу.

Тэр мөн заримдаа хөлбөмбөгийг воллейбол гэж андуураад байдаг. Угийн намхан нуруу нь гол буруу нь байх даа. Угаасаа ч Марадона, Месси гээд намхан тоглогчид гараараа тоглож л байсан. Гэхдээ түүний хамгийн сул тал нь цагаа олоогүй хийдэг такл. Бага зэрэг хурд дутагддаг нь нөлөөлдөг байх. Энэ байдлаасаа болж нэлээн хэдэн удаа талбайг чөлөөлж байсан. Эдгээрээс хамгийн гашуун нь 1999 оны Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт. Ювентустай тоглоход айлын тоглогчийн хөл рүү шаардлагагүй шахам орсноор финалыг өнжиж байсан. Хэдий Юнайтед финалд гайхамшгийг үзүүлж аваргалсан ч түүний хувьд өөрөө тоглоогүй болохоор харамсалтай санагдаж байсан байх. Гэхдээ тэр энэ алдаагаа арваад жилийн дараа дарж цайруулсан юм. 2008 оны хагас шигшээд Барселоныг түүний хийсэн ганц бөмбөгний ачаар буулган авсан. Тэр ингэж алдаагаа зассан нь цаашдаа аваргалах нөхцлийг бүрдүүлсэн билээ. Шигшээ тоглолтонд ч гэсэн тэр сайн тоглосон. Хажуугийн шугамнаас Браунтай хослож тоглоод тэр довтолгоо нь цааш гоол болж байсан. Ингээд тэр өөрийн гараар авч үзээгүй цомоо гардаж үзсэн юм. Тэр одоо клубын түүхэнд авч болох бараг бүх цомыг авч үзсэн. Лигийн аваргыг 10 удаа, цомыг 4 удаа, Аваргуудын лигийг 2 удаа авснаас гадна клубын дэлхийн аварга ч боллоо. Мөн 6 удаа Коммунити шилд, 2 удаа Карлинг капын аварга болсон.

Амжилтаас амжилт уруу ахисаар
Уг нь ийм насан дээр түүн шиг бүх алдрыг хүртсэн тамирчинд биеийн амрыг хараад хэвтэж байх сан. Гэтэл тэр дахиад л шинэ оргил руу тэмүүлсээр л. “Би өмнөх шигээ олон гоол хийж чадахгүй байна. Гүйцээлтэн дээрээ ажиллах хэрэгтэй” гэж хэлээд бэлтгэлийн цагийг үргэлж сунгаж хийдэг гэх. Дахин хэдэн цом авахыг хүсч байгаа түүнийг сүүлийн үед дасгалжуулагчид нэлээн бөөцийлөх болсон гэнэ. Байсхийгээд л ямархуу байна гэж асуух, нэг өдөр амрах уу гэх зэргээр санаа тавьж байгаа ч тэр бүрт нь дуугүй л толгой сэгсэрч байгаа тэрээр “Надад тоглох цаг бага үлдсэн гэж би мэдэж байна, тиймээс бэлтгэл бүр дээр, тоглолт бүр дээр амьдрал минь болсон хөлбөмбөгөө амтлахыг хамгаас илүүтэйгээр хүсч байна” гэж хэлж байгаа нь түүнийг хайрлах хайрыг минь улам лавшруулна.
Чи хэзээ ч зодог тайлж болно, гэхдээ чи биднийхээ зүрх сэтгэлд өнө мөнхийн домгоор нэгэнт хоногшсонсон бүлгээ.
We are United.
yooooy yostoi goy bna...Scholes amid domog!!!
ReplyDelete