Sunday, November 28, 2010

Сэрийн 10 онцгой алхам

SirAlexFerguson_783277Өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ гэсэн асуултанд ихэнхи хөлбөмбөг сонирхогчид  Сэр Алекс хэмээн хариулах байх. Түүний 30 жилийн дасгалжуулагчийн карьер, үзүүлсэн амжилт, хүртсэн цомыг харсан ч ингэж хэлэх бүрэн үндэстэй. Хоёр жилийн дараа 70 насыг зооглох ноён Алексийн Манчестерийг удирдсан 23 жилийн түүхэндээ хийсэн хамгийн онцгой шийдвэрүүдийг энд танилцуулах гэж байна. Энэхүү жагсаалтыг Английн The Sun сониноос гаргасан байгаа.

10. Арсенал, Спэрзийн саналаас татгалзав
Абердинийг ”Цомтой багуудын цом”-д түрүүлүүлсний дараа Фергиг сонирхох багууд хэд дахин олширсон юм. 1978–1986 оны хооронд Шотландын энэ багийг удирдахдаа Ферги лигийн аваргаар гурван удаа тодорч байсан ба 1983 онд дээрхи оргил амжилтаа үзүүлсэн аж. Тухайн үед Фергюсоныг багтаа авчирахаар  Арсенал, Тоттенхэм зэрэг багууд өрсөлдөж байсан ч Сэр тэдний тавьсан ашигтай саналыг хүлээж авахаас татгалзсан аж. Улмаар 1986 оны 11 сард Рон Аткинсоныг орлохоор Олд Траффордод иржээ. Тухайн үед дөнгөж 45 настай байсан Сэр амьдралынхаа үлдсэн хугацааг энэ багтай хамт өнгөрүүлнэ хэмээн төсөөлөө ч үгүй биз.
9. Шинэ 7 номерийг авчрав
ronx_350x450_804457a2003 оны зун Дэвид Бэкхемийг дөнгөж ”хөөж явуулчихаад” байсан Сэрд ”Улаан армийн” хүчийг сэлбэх шинэ 7 номер хэрэгтэй байлаа. Удаан хайсны эцэст Португалийн Спортинг клубээс тэр К.Роналду хэмээх залууг олж харсан ба тус клубтэй нөхөрсөг тоглолт хийсний дараа 18 настай хүүг  авахаар сэтгэл шулуудсан гэдэг. Олд Траффордод өмнө нь ямар ч Португал эр хөл тавьж байгаагүй гэсэн түүх ч  Сэрийн санааг өөрчлөөгүй бөгөөд 12.24 сая фунтээр Роналдуг бүрэлдэхүүндээ багтаажээ. Зургаан жилийн дараа энэ хүү нь Юнайтедийг 80 сая фунтээр  орхиж явахдаа ямар их амжилт ялалтанд хүрсэн байхыг  тэр үеийн  зөнчдөөс нэг нь харж чадаагүй нь тодорхой.
8. Роналдуг үлдээв

бараг сонин болгоны эхний нүүрэнд гарч байсан Роналдугийн талаарх шуугиан худал гэдэгт итгэлтэй байсан цорын ганц хүн бол Фергюсон. Роман Калдерон ”Тэр манайд ирнэ, мөрийцсөн ч яахав” хэмээн том амлаж байсан ч Фергигийн арга ухаан, нөлөөг хэтэрхий дутуу үнэлсэн байлаа. Португаль эрийг нэг жил үлдээж чадсаныхаа ашгийг Сер хангалттай гаргасан гэж хэлж болно. Тиймээс дуулиант шилжилт түүний хувьд сонирхолтой санагдаагүй бизээ.
7. Бексийг үдэв
Учир мэдэх хүмүүс Бекс, Ферги хоёрын таарамжгүй харьцаа  Викториагаас эхлэлтэй гэдэг. ”Spice girls”-ийн халуухан бүсгүйтэй гэрлэснээсээ хойш Бекс хэтэрхий биеэ тоож, шоудах болсон нь Шотланд эрийн эгдүүцлийг хүргэх болсон аж. 2003 оны хавар Сэрийн тэвчээр алдарч Бекс рүү пүүз нүүлгэсэн нь гай болж нүдийг сохолчих дөхөв. Мэдээж хэрэг царайгаараа хамаг мөнгөө олдог Бексийн хувьд энэ явдлыг тэсэж чадсангүй, зун нь ачаа тээшээ баглаад Мадрид руу ниссэн бөгөөд 25 сая фунтын ашгийг ”хуучин багтаа” оруулжээ.
6. Гоолын машинтай болов
Манчестерийн түүхэн дэх агуу довтлогчийг авчрах гэж Сэр багагүй зүдэрсэн. 2000 оны зун Рууд Олд Траффордод ирэх ёстой байсан ч бэртлийн улмаас бүтэн нэг жилийн дараа л Улаан чөтгөрүүдийн эгнээнд шилжсэн юм. Руудыг бэртэлтэй байх хугацаанд Сэр үргэлж ярьж, сэтгэл санаагаар дэмжиж байсан ба үүнийх нь төлөө Голланд эр 219 тоглолтонд 150 гоолоор түүнд ”бэлэг барьжээ”.
5. Зодог тайлахаа хойшлуулав
2001-2002   улиралын эхэнд Сер зодог тайлахаа мэдэгдэж чамгүй шуугиан тарисан. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас тэр энэ шийдвэрээсээ буцсан бөгөөд 2002 оны хавар дахин дөрвөн жил Олд Траффордод үлдэхээр гэрээ хийж фенүүдийнхээ санааг амраажээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад хөгжөөн дэмжигчдийнх нь нөлөө чамгүй байсан гэдэг.
4. Супер сэлгээ
1999 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт. Үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн минут эхэлжээ. 1 : 0-оор тэргүүлж яваа Байерний фэнүүд аль хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлчихсэн, Оливер Кан цомыг хэрхэн өргөхөө сэтгэл дотроо төсөөлж байсан үе. Гэтэл үнэмшмээргүй зүйл болж 67  дахь минутад сэлгээгээр орж ирсэн Тедди Шерингэм булангийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлчихэв. Минут ч хүрэхгүй хугацааны дараа дахин булангийн цохилтыг гүйцэтгэхээр явж байхдаа Бэкхем баяраа тэмдэглэн үсэрсээр буй фенүүдээ олж харсан гэдэг. Түүний гүйцэтгэсэн цохилтыг  Норвег эр Сульшер чулуу болгосноор хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн гайхамшигт түүх биеллээ олсон ба Сэр Фергюсон  карьерийнхаа анхны Аваргуудын лигийн цомоо ийн хүртсэн билээ.
3. Хүүхдүүд ялж чадна
fledglings_350x450_804481aBBC телевизийн хөтлөгч Алан Хансений хэлсэн нэгэн алдартай үг байдаг. ”Хүүхдүүд ялж чадахгүй”. Энэхүү үгийг тэрбээр 1995-96  оны улирлын эхэнд Марк Хьюз, Пол Инс, Кончелскикс гэсэн шилдэг тоглогчдоо зарж, Бэкхем, Батт, Скоулз, Невиль гэсэн академийн залуустаа итгэл хүлээлгэсэн Сэр Фергюсонд зориулан хэлсэн аж. Харин Сэр энэхүү асуултанд Премьер лиг, ФА цомын ялалтаараа хангалттай хариу өгсөн билээ.
2. Рой Кин
1993 онд Ноттингэм Форестийн 22 настай хамгаалагч Рой Кин Брайн Робсоны орон зайг орлохоор ирлээ. Туршлага муутай ирланд хүүгийн төлөө их мөнгө зарлаа гэх хүмүүс тухайн үед олон байсан ч Сэр Кинээс жинхэнэ лидер хүнд байх эрч хүч, зориг зүрхийг олж харж чадсан учир огтхон ч эргэлзээгүй гэдэг. МанЮ өнгөрүүлсэн 12  жилдээ Кин өөрийнхөө үнийг хэд дахин нугалж төлсөн гэж МанЮ-гийн фенүүд ярьдаг.
1. Кантона!
Бардам омголон төрх, гайхалтай ур чадвараараа алдаршсан энэ Франц эрхмийн шилжилт тухайн үедээ бас л шуугиан тарьж байсан. Анх ирсэн жилээсээ л Кантона Манчестерийн лидер болж болж чадсан ба яван явтлаа энэ байраа алдаагүй билээ. Энэ хугацаандаа Эрик премьер лигийн дөрвөн түрүү, төдий хэмжээний орон нутгийн цомыг  Сэр Фергюсонд бэлэглэсэн юм.



                                                                                                We are United

2 comments:

  1. fergui бол үнэхээр агуу дасгалжуулагч manu-ийн төлөө бүхнээ зориулж чадсан зориулсаар ч байх болно гэдэгт итгэж байгаа manu бол маш их агуу баг урагшаа manu...............
    бичсэн: намуун

    ReplyDelete
  2. Goy medee bna tnx amjilt!!!

    ReplyDelete